Залуус хамтдаа хогны эсрэг уралдаан - Нийтлэл #10
Хог + Хогийн сав = Хоггүй, цэвэр орчин

 Хэдэн хоногийн өмнө гадуур ажилтай явахдаа хотын гудамжаар нилээн их алхлаа. Их дулаахан өдөр байснаас гадна, миний очиж уулзах хэдэн байгууллагууд хотын төвдөө ойр ойрхон байрласан болохоор нэгээс нөгөө рүү алхсан нь арай оновчтой байлаа. 

 Ингэж алхаж байхдаа би хотын гудамжаар байх хогийг ажиглаж, нэг ёсондоо би юунаас болоод хог хөглөрөөд байгааг бяцхан ажиглалт хийсэн гэсэн үг л дээ. Миний ажигласнаар манай хотын төвийн хэдэн гудамжуудаар хогийн сав бараг байхгүй юм билээ. За шууд байхгүй гээд хэлчихвэл буруудахгүй. Эхлээд би их сургуулийн үүднээс эхлээд өндөр шилэн Улаанбаатар банк руу алхлаа. Засгийн газрын ордны хойгуур хэдэн хогийн сав байсан. Цаашлаад Прокурорын газарын үүдэнд байгууллагын хогийн сав байсан, за тэгээд өөр байхгүй байсаар байгаад Улаанбаатар банкны үүд хүрвээ.

 Ингэж алхаж байхад миний урд явж байсан хоёр охин хогоо хаях гээд /шоколад юмуу эсвэл чихэрний цаас байх шиг байсан/ бариад алхаад байсан, сүүлдээ хогийн сав байхгүй юм байхдаа гээд ярилцаад унасан. Тэгж байтал Прокурорын үүд хавьцаа дөхөөд иртэл хоёр залуу юм ярьж байснаа нөгөө нь шууд шүлсээ хаядгийн. Би ер нь сурамгай гэгч нь гялс манас шүлсээ хаяж, эсвэл нусаа нийж байгаа хүмүүсийг харахаар ингэж байгаад хажуугаар явж байгаа хүний гутал, хувцас дээр хаячихвал яанаа гээд өмнөөс нь санаа зовоод унадгийн. Нээрээ тэд тэгж санаа зовдоггүй л юм байх даа.  Ер нь гадуур явж байхад хүүхдүүд чихэр, бохины цаас хээвнэг хаях, залуу охид хөвгүүд ч хогоо хаях явдал харагдаж л байдаг. Тэгээд хогоо битгий хая гэж хичнээн хэлээд, рекламдаад, сургаад байхад яагаад нэмэргүй байнаа, бид чинь тийм юм ойлгохгүй мангар, ухамсаргүй, эсвэл хүнийрхүү улсууд юм уу. Уг нь бид өөрсдийгөө юманд өөриймсөг ханддаг, ухамсар сайтай, бүүр хэдэн зууны соёлтой, цэвэрч ардууд энээ тэрээ гээд л мундаг их магтдаг.  

За ингээд Улаанбаатар банкнаас хойшоогоо зам гараад барилгачдын талбай руу явсан. Тэр хавьд харин зам цэвэрлэгч тэр хавийг шороо манаруулан цэвэрлэж, цэмцийлгэж байлаа. Хотын нэг өдрийн нэг цагийн, нэг агшны дүр зураг ийм л байна. Нэг нь хог хаяж, шүлс, нус цэрээ хаяж, нөгөө нь цэвэрлэж, цэвэрлэснийхээ хөлсийг авч амьдралаа залгуулдаг.  

Надад бол хогийн савыг хангалттай олноор нь байрлуулах хэрэгтэй юм шиг санагддаг, эртээд гадуур явахдаа ч энэ бодол маань улам ч баттай болсон. Тав алхаад л хогийн сав байдаг бол манайхан бас ч гэж хажууд нь хогоо хаяад байх ухамсар байхгүй л гэж бодож байна. Яахав ганц хоёр ухамсаргүй хүн байлаа ч бусдыгаа даган дууриаж хогоо “зориулалтынх нь саванд” хийж сурах байх, дээр нь хүүхэд багачууд томчуудыг дууриадаг хойно, хогоо хаяхыг ядах юмгүй болино доо гэж би бодоод байна л даа.  

Нэг жишээ хэлье. Намар гэртээ харих гээд микронд суусан. Тэнд суусан хоёр охин самар цөмөөд, ясаа шууд цонхоор нь шидлээд явсан. “Та хоёр наад хогоо хаяхаа болиоч ээ, яасан муухай юм” гэж би тэр хоёрт хэллээ. Тэр хоёр яахав гайгүй болсон ч, хоорондоо шивэр авир хийгээд л, өөрийгөө юу гээд бодчихсон энэ тэр гээд л надад өс санаад байж ядаад байгаа юм уу хаашаа юм.  

Тэгээд би энэ бүгдийг нэгтгэн дүгнээд бодлоо л доо. “Чи битгий хогоо хаяад бай” гэж хэлэхийн оронд нүдэн дээр нь хогийн саванд хогоо хийгээд байвал арай үлгэр дууриал авах байх даа гэж. Миний хэлэх санааг ойлгож байгаа биз дээ. Үнэндээ хотод байгаа хогийн савны тоо, чанар, өнгө үзэмж миний сэтгэлд ердөө хүрэхгүй байна. Сайхан цэвэрхэн, боломжийн хогийн савтай болчихвол хүн бүгд өөрийн эрхгүй аяндаа хогоо ил задгай хаяхгүй байх болно. Харин хог ухдаг хүмүүс хогийн савыг ухаад хог тариад хаячихдаг юм билээ. Энийг яах вэ гэхээр, гудамжнийхаа хогийг дор нь дор нь машинаар ачдаг байвал болчих байхаа. Намайг явж байхад зарим нэг хогийн савны хог нь дүүрч багтахаа болиод хальж асгарсан байсан л даа.




Оролцогчийн дугаар: A10
Бүтээл илгээсэн: 2007/11/15



Сэтгэгдэлүүд:

1. uka_82 | 2007-11-15 14:56:48
Үнэхээр хогын сав дутагдалтай байгаа нь үнэн шүү хотын төвөөр тийм байгаа юм чинь захруугаа бүр ойлгомжтой биз дэ.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.